МАЛЧИН ӨРХҮҮДИЙН ГАМШГИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

0
589

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2016 оны 10 сарын 28) — Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар, иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлд өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл болон Сүхбаатар аймгуудын малчид зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулах юм.

Уг төслийг өнгөрсөн 16 жилийн хугацаанд Монголын ядуурлыг бууруулах, олон нийтийн үйл ажиллагааг, иргэдийн амьжиргааг сайжруулах болон байгаль орчны чиглэлээр тусламж үзүүлж ирсэн Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлж байна.

Төслийн баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн дэд сайд Х. Булгантуяа, АХБ-ийг төлөөлөн Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа. Мөн Япон Улсын Элчин сайдын яамыг төлөөлөн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукасава, төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох Онцгой байдлыг ерөнхий газрын дарга, Бригадын генерал Бадрал тус тус оролцов.

“Энэхүү төсөл нь Монгол улсад гамшгийн эрсдэлийн удирдлагад иргэдийн оролцоотой дороос дээш  чиглэсэн тогтолцоог анхлан туршиж, нэвтрүүлэх зорилготой бөгөөд ингэснээр Монгол орны хамгийн эмзэг газар нутаг, ядуу малчдын болон орон нутгийн гамшигтай тэмцэх байгууллагуудын зуд, ой хээрийн түймрээс үүдэх эрсдэлийг удирдах чадавхийг дээшлүүлэх юм” – хэмээн хатагтай Фернандез Ломмэн хэллээ. “Уг төсөл нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зорилтот бүс нутаг, салбар болон үр шим хүртэгчдэд хүрэх гэсэн Засгийн газар болон АХБ-ны зорилго, үйл ажиллагааны тусгал болж байна“,

Монгол орны эрс тэс уур амьсгал, малчин өрхүүд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг зэрэг хүчин зүйлс нь малчдын амьжиргаа алдагдах, хүрээлэн буй орчин, экосистем доройтох эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Зуд, ой хээрийн түймэр нь Монгол оронд тохиолддог хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүд юм. Сүүлийн 10 жилд давтамж нь улам ихсэж байгаа ган зудын аюул хөдөөгийн хүн амын үлэмж хэсэгт сөргөөр нөлөөлж, хохирол учруулж байна. Тухайлбал, 2009-2010 онд тохиолдсон зудын үед Монгол Улсын нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97,000 малчин өрхийн амьжиргаа шууд байдлаар хүндэрсэн байдаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын тооцоолсноор, Монгол Улсын малчин иргэдийн 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ.

Ой хээрийн түймэр нь багаж хэрэгслийн хангамж муутай, гал түймэртэй тэмцэх гэрээт ангийн албан хаагч төдийгүй бусад хүн, малын амь насыг эрсдэлд хүргэж, малчид болоод экосистемд аюул занал учруулдаг. Ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60,000 гектар (га) талбайн ой мод устаж байна гэсэн тооцоо бий. Хээрийн түймрийн хувьд харьцангуй богино хугацаанд илүү том талбайг хамардаг онцлогтой бөгөөд бэлчээр, мал төдийгүй айлын гэр, бусад эд материалын үлэмж хохирол учруулдаг. Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль цаг уурын улам таагүй, хатуу ширүүн нөхцөл байдалд хүргэж болзошгүй бөгөөд ингэснээр гал түймрийн тохиолдол нэмэгдэж, угаас эмзэг экосистемийн чанар доройтож, холбогдох амь нас, эд материалын хохирол өсөх магадлалтай.

Уг төсөл нь Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болон гамшгийн хор уршгийг арилгах зэрэг зорилтод чиглэсэн, илүү цогц арга барилаар хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай уялдаж байгаа юм.

Төслийн шууд үр шимийг сумын төвд оршин суудаг 2,500, тэр дундаа 250 өрх толгойлсон эмэгтэй бүхий айл өрхийн нийт 7,000 малчин хүртэх бол шууд бус байдлаар олон нийтийг илүү өргөн хүрээгээр хамарч, төсөл хэрэгжих зорилтот сумдын нийт 32,000 хүн ам хүртэнэ. Үүнээс гадна энэхүү төслийн үр ашиг нь удаан хугацаанд тогтвортой байж, төслийн үйл ажиллагааг өөр бусад нутагт улам өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх зорилготой юм.

Ядуурлыг бууруулах Японы сан нь 2000 оны 5 дугаар сард байгуулагдсан ба АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжлийг дэмжих, нийгмийн хамгийн ядуу, эмзэг хэсэгт чиглэсэн төслүүдэд буцэлтгүй тусламж олгодог.

АХБ-аас Монгол Улсад олгохоор баталсан санхүүжилтийн нийт хэмжээ 2015 онд 297.5 сая ам.долларт хүрсэн бөгөөд 275 сая ам.доллар бүхий Засгийн газрын 4 зээл, 6 сая ам.доллар бүхий төслийн 2 буцалтгүй тусламж, 16.5 сая ам.долларын дүн бүхий техник туслалцааны 17 буцалтгүй тусламж зэрэг үүнд багтаж байна.

Манил хотноо төвтэй АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засгийн  хүртээмжтэй өсөлт, байгаль орчны хувьд даацтай тогтвортой өсөлт, бүсийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах чиглэлээр тууштай ажилладаг. 1966 онд байгуулагдсан уг байгууллага нь 67 гишүүн орноос бүрддэг бөгөөд эдгээрийн 48 нь тус бүс нутгийнх.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах ажилтан:

Нэр: Б. Индра
Утас: (976) 11 329836
Ц-шууданl: [email protected]

LEAVE A REPLY